Уран зураг
5

4 сар

Уран зураг

Хэрэв Монгол улсад дүрслэх урлагийн академи байсан бол "Монгол зураг"-ийг ирээдүйгүй зүйл гэж хэн ч хэлж зүрхлэхгүйсэн. Яагаад гэдгийг нь та монгол зургийн мөн чанарыг бүрэн "уншаад" ирэхээрээ ойлгоно. Жишээ нь та монгол зурагтай холбоотой сүүлийн нэг жилд гарсан мэдээллүүдийг сөхөөд үзээрэй. Зөвхөн манай Бюро 24/7-с харахад л "Монгол үүлэн хээ дэлхийн зарим дизайнерыг урамшуулж байгаа" гэдгийг хамгийн түрүүнд олж мэднэ. Мари Катранзу тэргүүтэй алдартай дизайнерууд өнгөрсөн намар, өвлийн загварууддаа бидний нэг их тоогоогүй урлагийн элементээр онцгойрч чадсан байна. Мөн Ази-Номхон далайн бүс нутаг дахь хамгийн том контемпорари триенналд монгол зургийн дөрвөн уран бүтээлч оролцож, дэлхийн орчин үеийн урлаг одоо монгол зургийг нэлээн сонирхож байгаа гэдгийн нэг илрэл болсон. Мөн монгол зураг граффити маягаар гадаа ил гарч, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн ханыг чимэглэсэн байна.

Гэтэл Монгол улсынхаа нэрээр овоглосон урлагийн энэ төрлийг В.И.Суриков, И.Е.Репиний академи төгссөн мэргэжлийн зураачид яагаад "Ердөө л шувууны өндрөөс харсан, болхи, примитив зураг" гэж гоочлох болсон юм бол?

Үнэндээ "Монгол зураг" гэх нэр томьёог анх бий болгосон 1958-1986 оны хооронд бүтээгдсэн зургууд хүүхдийн юм шиг дүрслэлтэй, алслалтгүй, гэрэл сүүдэр нь бүрэн гараагүй, өрнийн шилдэг зургуудтай өрсөлдөх чадвар сул гэж боддог, батладаг хүмүүс цөөнгүй бий.

Уг нь бид "Монгол зургийн гайхамшиг юунд оршдог вэ" гэдгийг уншигчиддаа товч, тодорхой өгүүлэх зорилготой байсан юм. Харин энэ нь тийм ч амархан зүйл биш бөгөөд үүнийг тодорхой бүлгүүдээр тайлбарлах ёстой зүйл болж таарлаа. Үүнийг тайлахын тулд 2014 онд Ц.Нармандах тэргүүтэй "Монгол зургийн нийгэмлэг"-ийн зүгээс "Монгол зураг" гэж тодорхойлсон тунхаглал байдгийг танд товчлон хүргэх хэрэгтэй болсон юм.

Урлагт манифест маш чухал бөгөөд өмнө нь монголын дүрслэх урлагийн түүхэнд тунхаг гарч байсангүй.

Мөн би энэхүү тунхагийг тэргүүлж бичсэн Ардын зураач Н.Цүлтэмийн охин Нармандах гуайтай уулзаж, нэмэлт тодруулга авлаа. Тэрбээр 1986 оноос эхлэн ДУДС-ын монгол зургийн ангид шинэ сургалтын арга барил нэвтрүүлсэн хүн юм. Чингэхдээ Европын орчин үеийн урлагийн мөн чанар дээр суурилсан Баухаус сургалтыг монгол зургийн боловрсол олгох хөтөлбөрт оруулсан ба өнгөрсөн хугацаанд 200 орчим шавь төрүүлжээ. Эдгээр уран бүтээлчдийг "Монгол зургийн нийгэмлэг" тэргүүлдэг бөгөөд тэд Монгол зургийг урлагийн шинэ төрөл гэж тунхагласан юм.

Энэ тунхаглалаар бол Монгол зургийн эхэн үеийн хөгжил нь 1958 оноос эхлэх бөгөөд 1986 оноос хөгжлийн хоёр дах шатдаа орсон гэж үздэг. Харин 1958 оноос өмнөх монгол зургууд нь Бурхан, шашны урлаг ба XVII зуунаас өмнөх цаг үеүүдэд оршин тогтнож байсан улс, гүрнүүдийн соёлын дурсгал гэж ангилах юм байна.

Үүнийг нийтээр нь "Нүүдэлчин монголчуудын урлагт хандах хандлага юу байсан бэ?" гэх асуултаар нэгтгэн харж болох аж.

Монгол зургийн гол онцлог юу вэ? Монголчууд Өрнийн уран бүтээлчдээс муу зурдаг уу?

Яагаад энэ өнцөгөөс асуудлыг гаргаж тавьсан бэ гэвэл хүмүүс зургийг үзэхдээ хамгийн түрүүнд бодит зүйлтэй хэр адилхан байна вэ гэдгийг нь илүү их хардаг. Жишээ нь хүмүүс Монголд болоод Европын газар нутаг дээр үлдсэн соёлын өвүүдийг харьцуулж болох юм. Хэн нэгэн нь "Францын Ласко агуйн ханан дээр үлдсэн адууны зураг бодит морьтой нэлээн адил байхад Монголын хадны зургууд харин хэний ч сийлчихэж чадах энгийн, болхи дүрслэлтэй байна" гэж дүгнэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

Цаашлаад "Өвгөн хуурч" бүтээлээр Ү.Ядамсүрэн гуай орчин үеийн "Монгол зураг"-ийн гарааг эхлүүлж байхад Европчууд яг тэр XX зууны дунд үед хэдэн арван урлагийн шинэ изм гаргаж дуусчихаад, өөр юугаар дэлхийг байлдан дагуулах вэ гэж бодлогоширч байсан шүү дээ.

Гэтэл энэ үед Монголд нийгэм солигдож, Бурханы Танка зургийн уламжлалыг ч, түүний өмнөх цаг үеийн түүхээ ч сэргээж, сонирхох боломжгүй болсон ба зураачдад хязгаарлагдмал орон зайд өөрсдөө шинээр туршилт хийх сорилт тулгарчээ. Тэд өрнийн бодит зургийг бий болгодог алслалт, гэрэл сүүдэр, перспективт суралцаж, уламжлалт зураасан зурагтаа үүнийг шингээсэн олон бүтээл үлдээж, өөрсдийн цаг үедээ эзэн болсон. Тэгтэл эдгээр бүтээлүүдийг л нөгөө өөнтөгч нүднүүд "Хүүхдийн мэт болхи, алслалтгүй, өрнийн зурагтай зэрэгцүүлэхэд ичмээр" гэж тоохгүй орхиж байжээ. Тиймдээ ч тэр үед авьяастай нь уран зургийн ангид суралцаж, шалгалтанд бага оноо авсныг нь монгол зургийн анги руу хуваарьлах гэж оролддог байжээ.

Тэгвэл жингийн эсрэг талд нэг хүчтэй үнэн байгаа нь өнөөдөр илүү тод харагдаж байна. Үүнийг өнөөх Монгол зургийн тунхаглалд дурдсан байгаагаар бол "Нүүдэлчид урлагт хандахдаа нүдэнд үзэгдэх үнэнийг бус сэтгэл зүрхэнд үлдэх үнэнийг дүрсэлж ирсэн" гэж товчхон тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл өрнийнхөн нүдэнд харагдаж буй зүйлийг яг адилхан дүрслэхийг хичээсээр ХХ зуунтай золгосон бол нүүдэлчид анхнаасаа л бодит харагдах дүрслэлд бус, хийсвэр оюун ухааны зүйлсэд төвлөрдөг байжээ. Үүнд л монгол зургийн амин сүнс оршдог гэнэ.

Ийнхүү урлагт хоёр өөр талаас хандаж эхэлсэн учраас монголчууд тийм мундаг биш мэт харагдсан байж болох юм. Гол нь ийм байлаа гээд бид огтоосоо муу гэсэн үг биш бөгөөд монгол зургийн үндсэн мөн чанарыг Европын урлаг модернизмтой золгож байж л таньж харсан байна.

"Монгол зураг" гэх нэр томъёо хэзээ анх гарсан бэ?

Ардын зураач Н.Цүлтэм гуай 1956 онд ЗХУ-д мэргэжил эзэмшсэн анхны гурван монгол зураач болоод эх орондоо ирэхдээ "Би зөвхөн Өрнө, Дорнын зурагтай танилцаад зогссонгүй, өөрийнхөө үндэсний өв, уламжлалыг хүндэтгэн хөгжүүлэх ухаанд мөн суралцсан юм" гэж хэлжээ. Харин тэр үед үндэсний урлагаа хөгжүүлэхэд нэг том бэрхшээл байлаа. Монгол улс ХХ зуунд эрх чөлөөт сэтгэлгээнд суурилсан урлаг гэхээсээ илүүтэй, шашны өвөрмөц ертөнцийн тухай ойлголттой, түүнийг илэрхийлэх тогтсон үзэл баримтлал хүлээн авсан. Дээр нь хүссэн бүхнээ зурж, турших ч боломж байгаагүй, хязгаарлагдмал сэдэв дотор эргэлдэж байв. Тэгэхдээ л алтан үеийнхэн "Урлаг гэдэг үнэтэй, урлаг өөрөө амьтай" гэж Б.Явуухулангийн хэлсэн шигээр бүтээхийг эрмэлзэж байсан юм.

Улмаар Н.Цүлтэм гуай монгол зургийг зөвхөн Бурханы танка зургаар хэмжиж болохгүй гэж үзжээ. Бурханы зураг монголд орж ирэхээс өмнөх үе рүү, илүү холын судалгаа хийж, монголын бүхий л түүхэнд оршиж байсан нүүдэлчин улсуудын соёлын өвийг бүтнээр нь судлах их ажлыг тэрбээр эхлүүлжээ. Тэр үед ардын зураач Н.Цүлтэм энэ санаачлагаа эрдэмтэн Б.Ренчинтэй зөвлөлдөж байхдаа "Монгол зураг" гэх нэр томъёог анх гарган ирсэн байна.

МОНГОЛ ЗУРАГ ТУНХАГЛАЛААС: "Монгол зураг гэдэг нь эртний уламжлалаасаа суралцан, өнгө болон бодит дүрс, хэлбэрийг хийсвэрлэн, далд гүн агуулгыг илэрхийлдэг дүрслэх урлагийн шинэ төрөл юм!"